Thursday 1 September 2011

Mr. YEN

Иений ханш бусад голлох валютууд, ялангуяа долларын эсрэг тасралтгүй чангарсаар бүх үеийн дээд төвшиндээ хүрээд байна. Үндсэндээ иен долларын эсрэг 2002 онд USDJPY=134 хүртэл суларснаасаа хойш тасралтгүй чангарсаар одоо 76.80 (2010-8-11) хүрээд байна. EURJPY=109.11 ; GBPJPY=124.60

Еврозон өрийн хямралд орон, энэ бүсийн гурав, дөрөвдүгээр эдийн засгууд болох Итали, Испанийн байдал тус тус хүндхэн байгаа энэ үед Америкийн зээлжих зэрэглэл нэг шат доошилж хамгийн чанартай ААА төвшнээс АА+ болоодхов. Энэ үед дэлхийн хоёр ба гуравдугаар эдийн засгууд болох Хятад, Японы зүг анхаарал чиглэж байгаа юм.

Иений ханшийн өсөлтийн ард тодорхой шалтгаанууд бий.
Япон бол үйлдвэрлэлийн том орон. Бид Япон машин унаж, Япон электрон бараа хэрэглэх дуртай. Үүнээс гадна Япон маш олон нарийн технологийг дэлхийд экспортолдог. Товчхон хэлбэл Япон бол экспортонд дулдуйдсан эдийн засаг юм.
Японы Сангийн Яам иенийн ханшийн өсөлтөнд тун ч тааламжгүй ханддаг. Учир нь иений ханш гол валютуудын эсрэг чангарсанаар экспортод муугаар нөлөөлж, улмаар эдийн засгийн өсөлтийг бууруулах нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл иенээр бүтээсэн бүтээгдэхүүн доллараар зарагдаж, эргээд доллар иенд хөрвөхөд иений үнийн дүн буурч, улмаар экспортлогч компанийн орлого, өрсөлдөх чадвар буурдаг.  Гэвч экспортлогч компаниуд тогтмол доллараар олсон орлогоо иен болгон хөрвүүлэх хэрэг гарна. Доорхи графикаас харвал 2000 оноос хойш ердөө 2008 оны олон улсын хямрал болон саяны 3-р сарын газар хөдлөлтөөс бусад үед Япон улирал бүр гадаад худалдааны ашигтай гарч байсан.

Японы Төв Банк (Сангийн яамны харъяанд байдаг) 2002-2003 онуудад иений ханшийн өсөлтийг сааруулах зорилгоор олон улсын валютын зах дээр тогтмол интервенци хийдэг байсан. Өөрөөр хэлбэл зах дээр иен зарж, бусад валютыг худалдан авна гэсэн үг. Гэвч 2004 оноос эхлэн энэ нь онцын шаардлагагүй болж эхэлсэн. Учир нь хэдийгээр экспорт сайн байсан боловч иений carry trade хүчээ авсантай холбоотой. Carry trade бол хүү багатай валютыг зээлж аван, хүү өндөртэй валют худалдан авах үйл ажиллагаа гэж товчхондоо тайлбарлаж болно.
Харин өнгөрөгч долоо хоногт гэнэт Төв банк 60 орчим тэрбум доллартай тэнцэх (4.6 триллион иен) хэмжээний интервенци хийлээ. Өмнө нь 2003 онд 35 триллион иений интервенци хийсэн юм.
Бид Японы эдийн засаг, 1992 оны Токиогийн Хөрөнгийн Биржийн хямралаас хойш 20 жилийн турш тааруухан байгаа талаар харин төдийлэн мэддэггүй. Өнгөрөгч онд Япон хоёрдох том гүрний байр сууриа Хятадад алдсан. Үндсэндээ Японы эдийн засгийн өсөлт маш удаан байгаад гол шалтгаан байгаа юм. Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд Японы төв банк олон жилийн турш супер сул мөнгөний бодлого барьж хүүгийн төвшинг ердөөсөө 0%-тай тэнцүү байлгаж байсан. 
Ийнхүү иений хүү маш бага байсан нь олон улсын арилжааны сангууд төдийгүй, Японы ард иргэд хүртэл carry trade хийж зах зээл дээр иен зарж, бусад валют худалдан авах боломжтой болгосон.

Гэтэл өнгөрсөн 3-р сарын газар хөдлөлтийн дараа Япончууд гадаадад хийсэн хөрөнгө оруулалтаа буцаан татах үзэгдэл ихээр газар авсан, мөн Carry trade хийсэн байсан сангууд олон улсын эдийн засгийн байдал тогтворгүй байгаатай уялдан эргүүлэн иен худалдан авч эхэлсэн нь даарин дээр давс нэмсэн мэт болж иений ханш өсгөхөд түлхэц үзүүлсэн.
Нөгөө талаас валют арилжааны сангуудын хувьд Евро, Доллар, Фунт (лондонгийн бослого) маш тодорхойгүй байгаа тул Иенээс өөр худалдан авах сонголт үлдсэнгүй шиг харагдаж байна. Мөн Хятадын юаныг чөлөөтэй арилжаалах нь хязгаарлагдмал байдгаас хөрөнгө оруулагч нар Юанаар төлөөлүүлж Иен худалдан авах нь их байдаг. Учир нь Японы эдийн засгийн хамгийн том түнш нь Хятад улс учир түүний эдийн засагтай ерөнхийдөө урт хугацаанд хамааралтай байгаа юм.
Монголын хувьд иений ханш ийнхүү чангарч байгаа нь импортын барааны хувьд  шууд инфляци үүсгэж байна. Японоос худалдан авдаг машин, хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ өсч байгаа нь хэрэглэгчидэд хүнд тусна. Миний авсан мэдээллээр Техникийн зах дээрх Япон машины үнэ сүүлийн нэг жилд 15-25 хувиар өсөөд байна.
Цаашид олон улсын тодорхойгүй байдал USDJPY хувьд сөрөг байгаа ч нөгөө талаас иен хэт чангарах нь Японы эдийн засагт сайнгүй. Тиймд Доллариенийг одоогийн төвшин дээр тогтворжих, цаашид чангарах төлөвтэй гэж таамаглаж байна.