Friday, 25 May 2012

‎"Өөр Монгол"

1990-д оны үед бид бага байхын санаж байна: Оросын мэдлээс гарчихсан, ардчилалаа тунхаглачихсан, “Ардчилалынхаа Эцгүүдийг” магтан дуулчихсан, архитай,” хонхны дуутай”, нулимстай, жаргалтай залуучууд хотын гудамжаар бардамхан алхаж, хуучнаа баримталдаг өвгөчүүд Зөвлөлтөө магтасхийгээд л, “Шинэ үе ээ” муулсхийгээд л явдаг байсан цаг. Тэднийг ойлгож бас уучилж болно, тэд хийдгээ хийж давдагаа давсан хүмүүс, тэгээд ч хөгшчүүл угаас шинэ юманд дасахдаа муу, харин залуучууд бид л аливаа шинэчлэлийг соргогоор мэдэрч, хэрэгжүүлж, эх орноо дээш нь татах үүрэгтэй юм. Би залуу байхын л Монголыг боловсролоор, амьжиргаагаар, дэлхийд тэргүүлэх хүчтэй байр суурьтай орон болоосой гэж мөрөөддөг байсан. (Ганц муу Германы виз авахын тулд дипломын ажил хэрээтэй зузаан бичиг баримт цуглуулж өгсөний эцэст 10 хоногийн дараа намайг “үлдэх” өндөр магадлалтай тул виз олгох боломжгүй хэмээн доромжилсон үед ч...)
Гэтэл хээл хахууль энгийн л нэг үзэгдэл болж, албан тушаалыг хувьдаа ашиглах нь хэрээс хэтэрч, бульхааг нээлттэйгээр магтан дуулдаг, хууль нь гууль болсон цаг иржээ. Бүр ерөнхийлөгч асан маань зурагтаар хөл нүцгэн гүйж, салаавч гаргаж, үүрэг гүйцэтгэж яваа ард түмний хүүхдийг П-ээр дуудаж, хүү нь шившигтэйгээр худлаа ярьснаа баригдаж, шүүх хуралд ирэхгүйн тулд эмч нараар шинэ төрлийн онош зохиолгоод зүгээр өнгөрчихдөг инээдтэй эмгэнэлтэй жүжиг шиг юм болж байна. Яг нарийндаа яривал Монгол Улсын минь хуулийг доромжилж байгаа бол тэр хүн намайг ч, чамайг ч доромжилж байна гэсэн үг. Үүрэг гүйцэтгэж яваа, ардаа эхнэр хүүхэд, ээж аавтай хүнийг П-ээр дуудаж байгаа бол тэр мөн л намайг , чамайг, бид бүгдийг доромжилж байна гэсэн үг юм. 
Туйлшрах дуртай манайхны зарим нь болохоор сонгуулийн өмнө шоронд хийх гээд байна гэнэ үү? Тэгвэл фундаментал талаас нь авч үзье. Би энэ хүнийг үнэхээр гэм буруутайг нь мэдэхгүй, тэрийг хэн ч биш гагцхүү шүүх л тогтооно. Түүнээс биш Дондог өмөөрсөн гээд тэр хүн энхийн цагаан тагтаа, Дорж муулсан гээд хон хар хэрээ болчихгүй. Давтан хэлье, үүнийг хуулийн байгууллага л тогтоож чадна. Харин асуудал болгон дээр “жижиг шалтаг” гаргаж хуулиасаа зайлсхийж байгаа хүн улам сэжиг төрүүлдэг. Маш энгийнээр хэлье: буруугүй бол ирээд нотло л доо, ямарваа шалдар булдар шалтаггүйгээр! Нэр төрөө бод, төрийн тэргүүн байсан хүн бусдад үлгэр жишээ болох үүднээсээ ч тэр хуулиа даган биелүүлэх ёстой байтал ээждээ худлаа яриад баригдсан цэцэрлэгийн хүүхэд шиг тайлбар шалтаг тоочдог гэж үү? Эсвэл 300 жил Манж, Оросын эрхшээлд байсан нь юм болгонд тайлбар тайлан тавьдаг цус чөмгөнд нь шингэсэн боолын сэтгэлгээ нөлөөлөөд байна уу?
Түүхээ гадарладаг Монгол цустай хүн бүр мэдэж байгаа, энэ эрх чөлөөг эдлэх гэж бидний хичнээн өвөг дээдэс цусаа урсгаж, ямархуу зовлон бэрхшээлийг туулж, хичнээн жил зовж дарамтлуулсан билээ дээ.
Эрх чөлөөт энэ орны хуулийг сахидаггүй хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй бие арзагнаж өөрөө “гишгүүлж” байгаа юм шиг сэтгэгдэл төрөх юм. 
Чингис, Амарсанаа, Галдан Бошгот ийм орны төлөө нас биеэ зориулаагүй юм. Хөөрхий Ерөнхий сайд Намнансүрэн тусламж хүссэн бичгээ өвөртлөн барууны орнуудад дамжуулахын тулд аргаа баран, холбоо сүлбээ тогтоох гарц хайж оройн Москвагийн баар саваар хэсүүчилдэг байсаныг Баабарын номноос уншчихаад өөрийн эрхгүй сэтгэл шимширсэн билээ. Бидний л төлөө шүү дээ.
Бид өөрөөр амьдрах ёстой. Бид өөрөөр сэтгэх ёстой. Бид өөр Монголыг ирээдүйдээ үлдээх ёстой.

Ц. Амарсанаа